Хураангуй:
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн асуудал нэмэгдэж, пилатесийн үйлчилгээний эрэлт өсөхийн хэрээр хэрэглэгчид төвөө сонгохдоо ямар хүчин зүйлд тулгуурлаж байгааг тодорхойлох шаардлага бий болсон. Энэхүү судалгааны зорилго нь пилатесийн үйлчилгээний төвийг сонгох хэрэглэгчийн шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох явдал юм. Судалгааны хүрээнд хэрэглэгчийн зан төлөвийн онол болон үйлчилгээний чанар, үнэ, байршил, орчин, багшийн ур чадвар зэрэг хүчин зүйлсийг авч үзэн загвар боловсруулсан. Улаанбаатар хотын 385 хэрэглэгчээс цуглуулсан өгөгдөлд SPSS программ ашиглан шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнд хэрэглэгчид пилатесийн төв сонгохдоо байршлын хүртээмж, цагийн хуваарийн уян хатан байдал, үйлчилгээний орчин, багшийн ур чадвар, үнийн зохистой байдлыг хамгийн чухал хүчин зүйл гэж үздэг нь тогтоогдсон. Хэрэглэгчид пилатест ерөнхийдөө эерэг хандлагатай боловч тогтмол хамрагдах эсэх нь үйлчилгээний чанараас илүүтэйгээр тухайн үйлчилгээ тэдний амьдралын хэв маяг, цаг хугацааны боломж, хувийн нөхцөлтэй хэр нийцэж байгаагаас ихээхэн хамаарч байна. Мөн хэрэглэгчдийг зан төлөвийн онцлогоор нь гурван сегментэд ангилж болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь пилатесийн үйлчилгээ эрхлэгчдэд хэрэглэгчийн хандлага, ойлголтод чиглэсэн стратеги боловсруулахад ач холбогдолтой юм.