Хураангуй:
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахим худалдааны салбар эрчимтэй хөгжиж, хүргэлтийн үйлчилгээний эрэлт огцом өссөн нь сав баглаа боодлын хог хаягдал, шатахуунд суурилсан тээврийн хэрэгслийн хэрэглээ, түүнээс улбаатай хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж байна. Энэ нөхцөл байдал нь ногоон логистикийг нэвтрүүлэх шаардлагыг улам бүр тодотгож, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд онолын болон практик ач холбогдол бүхий асуудал болжээ.
Судалгааны зорилго нь Монголын цахим худалдааны логистикийн өнөөгийн нөхцөл байдлыг шинжлэх, хэрэглэгчийн хандлага, бизнесийн оролцогчдын туршлага, олон улсын шилдэг жишигт тулгуурлан ногоон логистикийг хэрэгжүүлэх боломжит хувилбаруудыг тодорхойлох явдал юм. Судалгаанд тоон болон чанарын аргыг хослуулан ашиглаж, анкетын судалгаа, фокус бүлгийн ярилцлага, олон улсын кейс судалгааг нэгтгэн шинжилсэн.
Үр дүнгээс харахад хэрэглэгчид байгальд ээлтэй хүргэлтийн сонголт, дахин ашиглах боломжтой сав баглаа боодол, нэгдсэн хүргэлтийн системд эерэг хандлагатай байгаа ч дэд бүтцийн хязгаарлалт, хөрөнгө оруулалтын өндөр зардал, хэрэглэгчийн мэдлэгийн хомсдол, бодлогын дэмжлэгийн дутагдал зэрэг сорилтууд байсаар байна. SWOT болон TOWS шинжилгээнд тулгуурлан гурван хувилбар тодорхойлогдсон бөгөөд тэдгээр хувилбарууд нь шат дараатайгаар хэрэгжих боломжтой бөгөөд Монголын цахим худалдааны логистикийн салбарыг тогтвортой хөгжлийн загварт шилжүүлэх стратегийн цогц интеграцчиллыг бүрдүүлж байна.
Санал, зөвдөмжийн хүрээнд төрөөс ногоон логистикийн бодлого, дэд бүтэц, санхүүгийн дэмжлэгийг сайжруулах, бизнесүүд ухаалаг боловсорсон шийдлүүдийг үе шаттай нэвтрүүлэх шаардлагатай гэж дүгнэв. Мөн судлаачдын хувьд нүүрстөрөгчийн ялгарлын тооцоо, хэрэглэгчийн зан төлөв болон олон улсын туршлагад суурилсан харьцуулсан судалгааг хөгжүүлэх нь Монголын тогтвортой ногоон логистикийн хөгжлийг дэмжих чухал суурь болохыг тодорхойлов.