Хураангуй:
Сүүлийн жилүүдэд сошиал медиа маркетинг эрчимтэй хөгжиж, байгууллагууд
бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаанд инфлюнсер маркетингийг өргөн ашиглах
болсон. Ялангуяа зураг, видео контент дээр суурилсан Инстаграм платформ нь гоо
сайхны бүтээгдэхүүний маркетингийн гол сувгуудын нэг болж байна.
Энэхүү судалгааны зорилго нь инфлюнсер маркетинг нь хэрэглэгчийн итгэлцэл
болон гоо сайхны бүтээгдэхүүний худалдан авах хандлагад үзүүлэх нөлөөллийг
тодорхойлоход оршино. Судалгаанд 402 оролцогч хамрагдаж, асуулгын аргаар өгөгдөл цуглуулан корреляци болон регрессийн шинжилгээний аргаар боловсруулсан.
Судалгааны үр дүнгээс инфлюнсер маркетинг нь хэрэглэгчийн итгэлцэлд хүчтэй
эерэг нөлөө үзүүлж (β = 0.866, p < 0.001), хэрэглэгчийн итгэлцэл нь худалдан авах
хандлагад мөн эерэг нөлөөтэй (β = 0.858, p < 0.001) болох нь тогтоогдсон. Түүнчлэн
инфлюнсер маркетинг нь худалдан авах хандлагад шууд нөлөөлөхөөс гадна
хэрэглэгчийн итгэлцлээр дамжин хэсэгчилсэн зуучлах нөлөө үзүүлж байгаа үр дүн
гарсан.
Мөн судалгаанд оролцогчдын дийлэнх нь инфлюнсерийн контентыг тогтмол
хэрэглэж, санал болгосон бүтээгдэхүүнд итгэх хандлагатай байгааг харуулсан. Иймээс инфлюнсер маркетинг нь хэрэглэгчийн итгэлцлийг бий болгох замаар худалдан авах хандлагад чухал нөлөө үзүүлдэг болохыг энэхүү судалгаагаар дүгнэж байна.