Хураангуй:
Агаарын тээврийн салбар болон нисэх буудлын үйлчилгээний орчинд өрсөлдөөн эрчимжиж буй өнөөгийн нөхцөлд үйлчилгээний чанар нь байгууллагын өрсөлдөх чадварыг тодорхойлох чухал хүчин зүйл болж байна. Иймд үйлчилгээний чанарыг зорчигчдын бодит үнэлгээнд тулгуурлан судлах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэхүү судалгааны зорилго нь Чингис хаан олон улсын нисэх буудлын үйлчилгээний чанарт нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, мөн хүлээн авсан үйлчилгээний чанар нь зорчигчдын сэтгэл ханамжид хэрхэн нөлөөлж байгааг судлахад оршино.
Судалгаанд үйлчилгээний чанарын онолын үндэслэл болох SERVQUAL загварыг ашиглаж, биет орчин, найдвартай байдал, шуурхай байдал, итгэл төрүүлэх чадвар, анхаарал халамж зэрэг хүчин зүйлсийг үл хамаарах хувьсагч, хүлээн авсан үйлчилгээний чанарыг зуучлагч хувьсагч, зорчигчдын сэтгэл ханамжийг хамаарах хувьсагч болгон авч үзсэн. Судалгааны өгөгдлийг анкет асуулгын аргаар Google Form болон QR код ашиглан нийт 400 зорчигчоос цуглуулж, SPSS 27 программ ашиглан найдвартай байдлын шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ, хамаарлын болон олон хүчин зүйлийн шугаман регрессийн шинжилгээг хийсэн.
Судалгааны үр дүнд үйлчилгээний чанарын хүчин зүйлс болох итгэл төрүүлэх чадвар (β=0.309), биет орчин (β=0.299), анхаарал халамж (β=0.275), шуурхай байдал (β=0.103) нь хүлээн авсан үйлчилгээний чанарт статистикийн ач холбогдол бүхий эерэг нөлөө үзүүлсэн бол найдвартай байдал нь ач холбогдол бүхий нөлөө үзүүлээгүй байна. Мөн хүлээн авсан үйлчилгээний чанар нь зорчигчдын сэтгэл ханамжид хүчтэй эерэг нөлөө үзүүлж байгааг (β=0.757, p<0.001) тогтоосон.
Судалгааны үр дүнг өмнөх судалгаануудтай харьцуулан үзэхэд орчин үеийн нисэх буудлын үйлчилгээний чанарын үнэлгээ нь зөвхөн физик орчин, дэд бүтцэд төвлөрөхөөс илүүтэйгээр зорчигч төвтэй үйлчилгээ, хүний үйлчилгээний чанар, шуурхай ажиллагаа болон ухаалаг технологид суурилсан үйлчилгээний чиглэл рүү шилжиж буй нь ажиглагдсан.
Ийнхүү судалгааны үр дүнгээс үзэхэд нисэх буудлын үйлчилгээний чанарыг сайжруулахад ажилтны мэргэжлийн ур чадвар, харилцаа хандлага, үйлчилгээний орчны нөхцөл, зорчигчдод үзүүлэх анхаарал халамж, шуурхай ажиллагаа зэрэг хүчин зүйлсэд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Түүнчлэн олон улсын болон гадаад зорчигчдын өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд нийцүүлэн зорчигч төвтэй үйлчилгээ болон ухаалаг технологид суурилсан үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Энэхүү судалгаа нь үйлчилгээний чанар болон зорчигчдын сэтгэл ханамжийн хамаарлыг эмпирик байдлаар тодорхойлж, нисэх буудлын үйлчилгээний чанарыг сайжруулах бодлого боловсруулахад онолын болон практик ач холбогдолтой болно.