Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь арьс арчилгааны бүтээгдэхүүний гарал үүслийн талаарх ойлголт нь хэрэглэгчийн худалдан авах хүсэлд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох, мөн энэхүү нөлөөлөлд брэндийн имиж болон улсын имижийн бүрэлдэхүүнүүдийн гүйцэтгэх үүргийг судлахад оршино. Судалгаанд бүтээгдэхүүний гарал үүслийн мэдээллийг бие даасан хувьсагч, худалдан авах хүслийг хамаарах хувьсагч, брэндийн имижийг дамжуулагч хувьсагч, улсын имижийг танин мэдэхүйн, сэтгэл хөдлөлийн болон бүтээгдэхүүн–улсын холбоос гэсэн гурван бүрэлдэхүүн бүхий нөлөөлөх хувьсагч болгон авч үзсэн.
Судалгааны ажлаар арьс арчилгааны бүтээгдэхүүний гарал үүслийн талаарх хэрэглэгчдийн ойлголт нь худалдан авах хүсэлд хэрхэн нөлөөлж байгааг эмпирик өгөгдөлд тулгуурлан шинжиллээ. Судалгаанд арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг Улаанбаатар хотод амьдарч буй 18 ба түүнээс дээш насны 410 хэрэглэгчийг хамруулж, өгөгдөл цуглуулан SPSS программ ашиглан боловсруулсан. Судалгааны үр дүнгээс харахад бүтээгдэхүүний гарал үүслийн мэдээлэл нь брэндийн имиж болон худалдан авах хүсэлд эерэг нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон. Мөн брэндийн имиж нь худалдан авах хүсэлд чухал нөлөө үзүүлж байгааг баталсан. Үүнээс гадна улсын имижийн бүрэлдэхүүнүүд нь худалдан авах хүсэлд ялгаатай түвшинд нөлөөлж байгаа бөгөөд ялангуяа бүтээгдэхүүн–улсын холбоос болон сэтгэл хөдлөлийн бүрэлдэхүүн илүү хүчтэй нөлөө үзүүлж байгаа нь ажиглагдсан.
Мөн үр дүн нь арьс арчилгааны бүтээгдэхүүний зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүний гарал үүслийн давуу талыг оновчтой ашиглах, брэндийн имижийг бэхжүүлэх, хэрэглэгчдийн худалдан авах шийдвэрт нөлөөлөх маркетингийн стратегийг боловсронгуй болгоход ач холбогдолтой юм.