Хураангуй:
Энэхүү дипломын ажлын хүрээнд үүсмэл хиймэл оюунаар болон хүний оролцоотой бүтээсэн маркетингийн контент нь хэрэглэгчийн зан төлөвт хэрхэн нөлөөлж байгааг судалсан болно. Судалгааны хүрээнд хэрэглэгчийн бодит мэт санагдах байдал, итгэлцэл болон худалдан авах эрмэлзэлд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, судалгааны загвар болон таамаглалуудыг онолын үндэслэлд тулгуурлан боловсруулсан.
Онолын судалгааны хүрээнд хэрэглэгчийн зан төлөв, итгэлцэл, бодит мэт санагдах байдал болон маркетингийн контентын нөлөөллийн талаарх судалгаануудыг нэгтгэн судалж, судалгааны хувьсагчдын уялдаа холбоог тодорхойлсон. Үүний үндсэн дээр судалгааны загварыг боловсруулж, нийт 5 таамаглал дэвшүүлсэн.
Эмпирик судалгааг анкетын аргаар явуулж, нийт 410 оролцогчоос өгөгдөл цуглуулснаас 410 өгөгдлийг шинжилгээнд ашигласан. Судалгааны асуулга нь нийт 6 хэсгээс бүрдсэн бөгөөд хэрэглэгчийн бодит мэт санагдах байдал, итгэлцэл болон худалдан авах эрмэлзлийг хэмжих зорилготой 30 асуултыг багтаасан.
Өгөгдлийг SPSS программ ашиглан боловсруулж, Кронбахын альфа, хүчин зүйлийн шинжилгээ, корреляци болон шугаман регрессийн аргуудыг хэрэглэсэн. Шинжилгээний үр дүнд хэмжүүрүүдийн найдвартай байдал болон хүчин төгөлдөр байдал хангагдсан бөгөөд хувьсагчдын хооронд статистикийн ач холбогдол бүхий эерэг хамаарал байгааг тогтоосон. Таамаглалуудыг шалгасны үр дүнд контентын төрөл нь хэрэглэгчийн бодит мэт санагдах байдал болон итгэлцэлд нөлөө үзүүлэхгүй, харин бодит мэт санагдах байдал нь хэрэглэгчийн итгэлцэл болон худалдан авах эрмэлзэлд, мөн хэрэглэгчийн итгэлцэл нь худалдан авах эрмэлзэлд эерэг нөлөө үзүүлж байгааг тогтоосон. Иймээс хэрэглэгчийн зан төлөвт контентыг хэн бүтээсэн эсэхээс илүүтэйгээр тухайн контентыг хэр бодит, найдвартай гэж хүлээн авч байгаа нь илүү чухал нөлөө үзүүлдэг болох нь энэхүү судалгаагаар тогтоогдсон.