Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй санхүүгийн салбарын хувьцааны өгөөж болон инфляцын хоорондын хамаарлыг тодорхойлох, мөн санхүүгийн салбарын хувьцаа нь инфляцын өсөлтөөс хамгаалах хэрэгсэл болж чадаж байгаа эсэхийг үнэлэхэд оршино. Судалгаанд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй санхүүгийн салбарын 12 компанийн 2020–2026 оны сарын өгөгдөл болон хэрэглээний үнийн индексэд суурилсан инфляцын үзүүлэлтийг ашигласан. Хувьцааны өгөөжийг нэрлэсэн болон инфляцаар засварласан бодит өгөөж гэсэн хоёр хэлбэрээр тооцож, корреляцийн шинжилгээ, нэгж регресс, панел регресс, Granger causality test, ADF unit root test болон ARDL загвараар шинжилгээ хийсэн.
Шинжилгээний үр дүнгээс харахад нэрлэсэн өгөөжийн хувьд инфляцын хамаарал сул, тогтворгүй, компани бүрийн онцлогоос хамааран ялгаатай илэрсэн. Харин бодит өгөөжийн хувьд 12 компанийн бүх корреляцийн коэффициент сөрөг гарч, нэгж регрессийн шинжилгээнд 9 компанийн хувьд инфляцын коэффициент статистикийн ач холбогдолтой байсан. Бодит өгөөжийн панел регрессийн үр дүнгээр инфляцын коэффициент β = -1.5318, p-value = 7.298E-22, R² = 0.1323 гарсан нь инфляц санхүүгийн салбарын хувьцааны бодит өгөөжтэй сөрөг, статистикийн хувьд ач холбогдолтой уялдаатай болохыг харуулсан.
Мөн Granger causality test-ийн үр дүнгээр инфляц нь санхүүгийн салбарын дундаж бодит өгөөжийн ирээдүйн өөрчлөлтийг урьдчилан тайлбарлах чадвартай гарсан бол эсрэг чиглэлийн хамаарал илрээгүй. ARDL шинжилгээгээр инфляц болон дундаж бодит өгөөжийн хооронд урт хугацааны түвшний хамаарал илэрч, богино хугацаанд инфляцын коэффициент -0.8623, урт хугацаанд -0.9448 гарсан. Энэ нь инфляц өсөхөд санхүүгийн салбарын хувьцааны бодит өгөөж буурах чиглэлтэй байгааг илтгэнэ.
Иймээс судалгааны үр дүнгээр инфляц нь Монгол Улсын санхүүгийн салбарын хувьцааны нэрлэсэн өгөөжид сул, тогтворгүй байдлаар тусдаг бол бодит өгөөжид илүү тод, сөрөг, статистикийн хувьд ач холбогдолтой байна.