| dc.description.abstract |
Монгол Улсад сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, зам
тээврийн ослын тоо буурахгүй, харин нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал,
2020–2025 оны хооронд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдол 1.5 саяас 3.8 сая
гаруй болж 253.3% өссөн нь энэ чиглэлийн хууль зүйн хариуцлагын үр нөлөөг дахин
үнэлэх шаардлагатайг харуулж байна. Мөн бүртгэлтэй жолоочийн тооны тогтмол өсөлт
нь замын хөдөлгөөний зөрчилд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болж байна.
Монгол Улсад замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд ногдуулах хууль зүйн
хариуцлага нь торгууль ногдуулах, жолоодох эрх хасах, баривчлах гэсэн үндсэн гурван
хэлбэрээр хэрэгжиж байгаа боловч эдгээр арга хэмжээний үр нөлөө бодит байдал дээр
хангалттай түвшинд хүрэхгүй байна. Ялангуяа торгуулийн хөнгөлөлтийн тогтолцоо
(тухайлбал 14 хоногийн дотор төлбөл 50 хувиар бууруулах) нь зарим тохиолдолд
жолоочийг зөрчил гаргахад өөгшүүлэх сөрөг нөлөө үзүүлж байгааг судалгааны үр дүн
харуулж байна.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол Улсад замын хөдөлгөөний дүрмийн
зөрчилд оногдуулж буй хууль зүйн хариуцлагын үр нөлөөг судалж, зөрчил бууруулахад
хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлоход оршино. Судалгаанд захиргааны эрх зүй,
нийтийн эрх зүйн онолын хүрээнд Монгол Улсын Зөрчлийн тухай хууль болон Замын
хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зохицуулалтыг системчлэн судалсан.
Үүний зэрэгцээ АНУ болон БНСУ-ын замын хөдөлгөөний зөрчилд хүлээлгэх
хариуцлагын тогтолцоог судалж, Монгол Улсын нөхцөл байдалтай харьцуулан дүн
шинжилгээ хийсэн.
Мөн судалгааны ажлын хүрээнд чанарын судалгааны аргыг ашиглан жолооч нараас
асуулгын судалгаа авч замын хөдөлгөөний дүрэм зөрчихөд нөлөөлөх шалтгаан,
нөхцөлийг тодорхойлсон бөгөөд замын цагдаагийн албан хаагчдаас ярилцлагын судалгаа
авч хууль зүйн хариуцлагын хэрэгжилт, үр нөлөөг үнэлсэн. Ингэснээр онол, хууль зүйн
зохицуулалт, практик хэрэгжилтийг уялдуулсан цогц дүн шинжилгээ хийсэн болно.
Судалгааны үр дүнгээс харахад хууль зүйн хариуцлага нь тодорхой хэмжээнд
сэргийлэх нөлөө үзүүлдэг боловч түүний үр нөлөө нь шийтгэлийн хатуу чанар, зайлшгүй
хэрэгжилт (certainty), хяналтын тогтолцооны үр ашиг зэргээс ихээхэн хамаарч байна.
Ялангуяа зөвхөн торгуулийн арга хэмжээ дангаараа хангалтгүй бөгөөд шаталсан
шийтгэлийн тогтолцоо, тогтвортой хэрэгжилт бүхий хяналтын механизм илүү үр дүнтэй
болох нь харьцуулсан судалгаанаас харагдаж байна.
Иймээс замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг бууруулахын тулд хууль зүйн
зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг бэхжүүлэх, шийтгэлийн үр нөлөөг
нэмэгдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ
хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэв. |
|