Хураангуй:
Дэлхий даяар байгалийн гаралтай найрлага бүхий гоо сайхны бүтээгдэхүүний хүний биед үзүүлэх эерэг нөлөө болон хүрээлэн буй орчны бохирдлыг багасгах талаарх хэрэглэгчдийн мэдлэг, ухамсар нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн байгууллагууд зөвхөн чанартай бүтээгдэхүүн нийлүүлээд зогсохгүй, өөрсдийн үйл ажиллагаа болон
бүтээгдэхүүнийхээ байгальд ээлтэй байдлыг хэрэглэгчдэд бодитойгоор таниулахад чиглэсэн ногоон маркетингийн стратегийг үйл ажиллагаандаа эрчимтэй нэвтрүүлж
байна.
Монгол улсын хувьд байгалийн гаралтай найрлага бүхий гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл тэлж байгаа хэдий ч ногоон маркетингийн стратеги нь
хэрэглэгчдийн худалдан авах хүсэл эрмэлзэлд нөлөөлөх нөлөөллийн судалгаа дутмаг байна. Иймд энэхүү судалгаагаар байгалийн гаралтай найрлага бүхий гоо сайхны
бүтээгдэхүүний ногоон маркетингийн стратеги нь хэрэглэгчийн худалдан авах хүсэл эрмэлзэлд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох зорилготой бөгөөд асуулгын аргаар
судалгаагаа явуулсан. Судалгааны өгөгдөл боловсруулалтыг IBM SPSS Statistics 32.0.0.0 болон SmartPLS 4 программуудыг ашиглан шинжилж, үр дүнг гаргасан. Нийт өгөгдлийн хүрээнд найдвартай байдлын шинжилгээ, дескриптив статистик шинжилгээ, хамаарлын шинжилгээ, регрессийн шинжилгээ болон бүтцийн тэгшитгэлийн загварын шинжилгээнүүдийг гүйцэтгэсэн ба хэрэглэгчдийн хүйс, насны үеэр бүлэглэн харьцуулсан дүн шинжилгээ хийв.
Судалгааны үр дүнгээс харахад нийт Улаанбаатар хотын байгалийн гаралтай найрлага бүхий гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг болон хэрэглэхийг зорьдог
хэрэглэгчдийн хувьд ногоон маркетингийн стратеги нь хэрэглэгчийн худалдан авах хүсэл эрмэлзэлд эерэг нөлөөтэй ба ач холбогдолтой байна. Ингэхдээ хэрэглэгчийн дотоод хүчин зүйл болох ногоон хэрэглээний хандлагаар дамжигдан хүчтэй нөлөөлж байгаа нь ажиглагдсан. Түүнчлэн хэрэглэгчийн худалдан авах хүсэл эрмэлзэлд ногоон тархи угаалтын талаарх мэдлэг нь чухал нөлөөтэй, харин байгаль орчны санаа зовнил нь бусад хүчин зүйлсээс харьцангуй бага боловч эерэг нөлөөтэй байна.
Иймээс байгууллагууд хэрэглэгчдийн ногоон хэрэглээний хандлагыг төлөвшүүлэх, бүтээгдэхүүний талаарх үнэн зөв, ил тод мэдээллийг хүргэх, ногоон
хуваарилалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот хэрэглэгчдийн онцлогт нийцсэн маркетингийн стратеги хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Мөн хэрэглэгчдийн байгаль орчны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нь тогтвортой хэрэглээг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.