| dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлын зорилго нь конвиниенс дэлгүүрийн бэлэн хоолны чанарын удирдлага бизнесийн үр ашигт хэрхэн нөлөөлж байгааг тоон аргаар тодорхойлох, үнэлэхэд оршино.
Судалгааны үндэслэл: Монгол Улсын конвиниенс дэлгүүрийн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаа ч бэлэн хоолны чанарын удирдлагыг бизнесийн үр ашигтай хамтад нь судалсан анхны тоон судалгаа байгаагүй. Энэхүү судалгаа тус цоорхойг нөхөж байна.
Судалгааны хүрээ: Бэлэн хоол үйлдвэрлэл, хадгалалт, борлуулалтын үе шат дахь чанарын удирдлагын тогтолцоог авч үзэж, хэрэглэгчийн сэтгэл ханамж болон бизнесийн үр ашигтай уялдуулан шинжилсэн. TQM (Oakland, 2014), HACCP (Codex Alimentarius, 2003), хэрэглэгчийн сэтгэл ханамжийн онол (Anderson, 1994; Kotler & Keller, 2016) болон cold chain онол (FAO, 2011; Ndraha et al., 2018)-д тулгуурлан онолын суурь бүрдүүлсэн.
Судалгааны аргазүй: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй конвиниенс дэлгүүрийн 44 хэрэглэгчийн дунд Ликертын 5 шатлалт хуваарь бүхий бүтэцлэгдсэн анкет асуулга явуулав. Бэлэн хоолны чанарын 6 хэмжигдэхүүн (амт, шинэлэг байдал, харагдах байдал, сав баглаа боодол, эрүүл ахуй, үнийн зохистой байдал) болон бизнесийн үр ашгийн 7 үзүүлэлтийн хооронд нийт 42 хосын хамаарлыг Pearson корреляц, Independent Samples t-тест болон нэг хүчин зүйлийн ANOVA аргаар SPSS программд шинжилсэн. Хэмжилтийн найдвартай байдал Cronbach's α=0.925–0.927 буюу маш өндөр түвшинд гарсан.
Судалгааны үр дүн: Шинэлэг байдал (r=0.802, p<0.001) болон амт (r=0.784, p<0.001) нь хэрэглэгчийн чанарт сэтгэл ханамжтай хамгийн өндөр хамааралтай хүчин зүйлс болохыг тогтоосон. Үнийн зохистой байдал нь word-of-mouth маркетинг буюу санал болгохтой хамгийн өндөр хамааралтай (r=0.750, p<0.001) байлаа. Нийт 42 корреляцийн коэффициент бүгд p<0.001 түвшинд статистикийн хувьд чухал байсан нь чанарын удирдлагын бүхий л хэмжигдэхүүн бизнесийн үр ашигтай шууд холбоотой болохыг нотолж байна. Өдөр бүр худалдан авдаг хэрэглэгчдийн сэтгэл ханамж хамгийн өндөр (m=4.20) байсан бөгөөд хүйс, нас нь чанарын үнэлгээнд статистикийн хувьд чухал ялгаа үүсгэхгүй (p>0.05) болохыг тогтоосон.
Дүгнэлт: Конвиниенс дэлгүүрүүд чанарын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, HACCP болон ISO 22000 стандартыг бүрэн нэвтрүүлэх, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. |
en_US |