Хураангуй:
Хүн ам зүйн насжилт болон уламжлалт тэтгэврийн тогтолцооны ачаалал нэмэгдэж буйтай холбоотойгоор олон давхаргат тэтгэврийн систем, тэр дундаа хувийн тэтгэврийн сангийн үүрэг оролцоо дэлхий дахинд өсөн нэмэгдэж байна. Монгол Улсын хувьд нийгмийн даатгалын сангийн алдагдал жил бүр улсын төсөвт дарамт учруулж байгаа энэ үед хувийн тэтгэврийн сангуудыг хөгжүүлэх замаар иргэдийн ирээдүйн орлогын баталгааг хангах, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд хувийн тэтгэврийн тогтолцоо амжилттай хэрэгжсэн Чили болон Казахстан улсуудын туршлагыг харьцуулан судалж, тэдгээрийн тэтгэврийн шинэчлэлийн үе шатууд болон хөрөнгийн зах зээлд үзүүлсэн бодит үр нөлөөг шинжилсэн. Мөн эдгээр улсуудтай ижил төстэй хөгжиж буй 5 улсын 2006–2020 оны панел өгөгдөл дээр Грэнжерийн шалтгаант холбооны тест болон регрессийн шинжилгээг хийж гүйцэтгэсэн.
Шинжилгээний үр дүнд тэтгэврийн сангийн хөрөнгийн хуримтлалаас хөрөнгийн зах зээлийн үнэлгээ рүү нэг чиглэлтэй шалтгаант холбоотой болох нь батлагдсан. Судалгааны үр дүнд тулгуурлан Монгол Улсад хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхийн зэрэгцээ эрх зүйн орчныг боловсронгуй болгох, институциональ хөрөнгө оруулагчдын оролцоог дэмжих замаар хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн санал, зөвлөмжийг боловсрууллаа.