| dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол болон Франц оюутнуудын энтрепренершипийн хүсэл эрмэлзэл болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, мөн хоёр улсын оюутнуудын хүсэл эрмэлзлийн ялгааг харьцуулан судлахад оршино. Судалгааны онолын суурийг Ajzen-ийн Төлөвлөсөн зан үйлийн онол (TPB) болон Liñán & Chen (2009)-ийн энтрепренершипийн хүсэл эрмэлзлийн загварт тулгуурлан тодорхойлж, хувь хүний хандлага, нийгмийн хэм хэмжээ, зан төлөвийн хяналт зэрэг үндсэн хувьсагчдаас гадна эрсдэл хүлээх хандлага, инновацийн сэтгэлгээ, соёлын нөлөө, нийгмийн үнэлэмж зэрэг нэмэлт хүчин зүйлсийг судалгаанд хамруулсан.
Эмпирик судалгааг нийт 513 оюутнаас (Монгол 250, Франц 263) асуулгын аргаар өгөгдөл цуглуулж, боловсруулалтыг IBM SPSS Statistics программ ашиглан гүйцэтгэсэн. Судалгаанд найдвартай байдлын шинжилгээ (Cronbach’s alpha), фактор шинжилгээ, дескриптив статистик, корреляцийн шинжилгээ, t-test болон олон хүчин зүйлт регрессийн шинжилгээг хийсэн.
Судалгааны үр дүнгээс харахад энтрепренершипийн хүсэл эрмэлзэлд хувь хүний хандлага, эрсдэл хүлээх хандлага, инновацийн сэтгэлгээ нь статистикийн ач холбогдол бүхий эерэг нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон. Харин нийгмийн хэм хэмжээ болон зан төлөвийн хяналт нь ач холбогдол багатай, соёл болон нийгмийн үнэлэмж нь сөрөг нөлөө үзүүлсэн үр дүн гарсан.
Монгол болон Франц оюутнуудын хоорондын харьцуулалтын үр дүнгээс зарим хувьсагчид дээр статистикийн ач холбогдол бүхий ялгаа илэрсэн нь хоёр улсын соёл, нийгмийн орчны ялгаа энтрепренершипийн зан төлөвт нөлөөлж байгааг харуулж байна.
Иймд энэхүү судалгааны үр дүн нь энтрепренершипийн хүсэл эрмэлзлийг зөвхөн уламжлалт онолоор тайлбарлах бус, хувь хүний болон нийгэм-соёлын нэмэлт хүчин зүйлсийг хамтад нь авч үзэх шаардлагатайг харуулж байгаа бөгөөд боловсрол, бодлого боловсруулахад практик ач холбогдолтой юм. |
en_US |