Хураангуй:
Монгол Улсын ил уурхайн хүнд машин механизмын флотод суурилуулагдах аюулгүйн нэмэлт тоноглол мөргөлдөөнөөс сэргийлэх систем (CAS), операторын ядаргааны хяналтын систем (OAS/DSS), дугуйны даралтын хяналтын систем (TPMS) өнөөдөр бүхэлдээ импортоор нийлүүлэгдэж байна. Нэгжийн нийт зардал үйлдвэрлэгчийн FOB үнийн дүнгээс 30–50 хувиар нэмэгдэж, нийлүүлэлтийн хугацаа 90–180 хоног үргэлжилдэг нь уурхайн ашиглалтын уян хатан байдалд сөрөг нөлөө үзүүлж байна.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Зардал-үр өгөөжийн шинжилгээ (CBA) загварыг ашиглан Монголын таван уурхайн эх сурвалжаас цуглуулсан ослын болон санхүүгийн бодит өгөгдөлд тулгуурласан эдийн засгийн үр ашгийн үнэлгээ хийж, дотоодын угсралт болон импортын нийлүүлэлтийн хувилбаруудыг харьцуулан үндэсний онцлогт нийцсэн санхүүгийн боломжийн загвар боловсруулахад оршино.
Анхан шатны өгөгдөлд тав бие даасан эх сурвалжаас цуглуулсан мэдээллийг ашигласан: нэгдүгээр компанийн машин механизмын ослын бүртгэл (n=15), хоёрдугаар компанийн аюулт тохиолдлын бүртгэл (n=42), гуравдугаар компанийн ослын бүртгэл (n=39), дөрөвдүгээр компанийн SAP BW зардлын бүртгэл (24 сар, нийт 2,368,423 ам. доллар), мөн тавдугаар компанийн ашиглалтын Sandvik брэндийн жишиг флотын стандартчилсан ослын мэдээ (n=147, 2024–2025). Нийт 243 ослын бодит дата нь судалгааны тооцооллын суурь болсон. Дата шинжилгээний дүнд ил уурхайн нөхцөлд техник хоорондын мөргөлдөөн (CAS-ийн потенциал шийдэлт) гурван компанид 38–64 хувь (хүнд машин механизмын бүртгэлд 60–64%, аюулт тохиолдлын бүртгэлд 38%), ядаргаа-анхаарал сарнилт (OAS/DSS) 8–20 хувь, дугуйны даралтын алдагдал (TPMS) 0–13 хувь болж байна. Тавдугаар компани уг хэв маяг ялгаатай боловч мөргөлдөөн, шүргэлцэл, цохилтын нэгдсэн ангилал 12.9 хувь хүртэл хүрч CAS технологийн хамаарал тус нөхцөлд ч баталгаажиж байна. Энэхүү тогтвортой хэв маяг нь Монголын уул уурхайн ил болон газар доорх ашиглалтын ослын ерөнхий шинжийг харуулж байж болзошгүй.
CBA загварын тооцооллоор 100 машины жишиг флотод дотоодын SKD угсралт нь импортын загвартай харьцуулахад нийт хөрөнгийн зардлыг (CAPEX) 58.4 хувиар бууруулах боломжийг үзүүлэв. Үндсэн хувилбарт сул зогсолтын хэмнэлт оруулсан нэгдсэн тооцооллоор аюулгүй байдлын хөрөнгө оруулалтын өгөөж (Safety ROI) 233 хувь, нөхөгдөх хугацаа 3.6 сар, сул зогсолт оруулаагүй тооцооллоор ROI 153 хувь, нөхөгдөх хугацаа 4.7 сар байх боломжтой нь тогтоогдов. Консерватив хувилбарт ROI 31 хувь, нөхөгдөх хугацаа 9.1 сар хүртэл буурдаг боловч хөрөнгө оруулалт нь эерэг үр дүнтэй хэвээр байна.
Судалгааны үр дүн нь таван эх сурвалжийн бодит өгөгдөлд тулгуурласан үйл ажиллагааны түвшний шинжилгээ бөгөөд Монголын уул уурхайн бүх салбарыг төлөөлөх ерөнхий дүгнэлт биш юм. Гэвч ил уурхайн гурван компанийн ослын бүртгэлд нийтлэг гарсан хэв маяг (CAS-ийн өндөр хамаарал, тогтвортой ангиллын тархалт), дөрөвдүгээр компанийн санхүүгийн өгөгдлөөр баталгаажсан зардлын суурь (дотоодын угсралтын CAPEX-ийн давуу тал, эерэг ROI), мөн тавдугаар компанийн газар доорх ашиглалтаар
IV
нэмэлт баталгаажуулалт олж авсан нь салбарын хэмжээнд боломжтой ижил төстэй чиг хандлагын анхдагч үндэслэлийг бий болгож байна.