Хураангуй:
Орчин цагт олон компаниудын санааг зовоож буй нэг асуудал бол хөшүүргийн
(өрийн бүтэц) тэнцвэргүй байдал юм. Компанийн өр нь зорилтот түвшнээс хазайх үед
компанийн гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг. Иймээс энэхүү судалгааны
ажлаар компанийн капиталын бүтцийг оновчтой түвшинд тохируулах талаар авч үзнэ.
Мөн сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй хөрөнгө оруулагчдын хувьд БОНЗ буюу
тогтвортой хөгжлийн үзүүлэлт нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад гол шалгуур
болж буй тул бүртгэлтэй нээлттэй компаниудын хувьд БОНЗ нь орхигдуулж боломгүй
асуудал болоод байна. Хөрөнгө оруулагчид ч компаниудын үйл ажиллагаанаас үүдэлтэй учирч болзошгүй БОНЗ-ын эрсдэлүүд, тэдгээрийг удирдах, даван туулах чадавх, улмаар бизнесийн үнэ цэнийг бий болгох чадварыг нь илүү сайн ойлгохын тулд компаниудын тогтвортой байдлын стратеги, арга хандлагад илүүтэй анхаарах болсон тул энэ чиглэлийн мэдээллийн эрэлт хэрэгцээг эрс нэмэгдүүлж байна. БОНЗ-ын асуудлыг санхүүгийн асуудалтай зэрэгцүүлж судлах бизнесийн удирдлагын цогц арга хандлага бол тухайн бизнесийг тасралтгүй явуулах, улмаар урт хугацаанд өрсөлдөх чадварыг нь дэмжих бизнесийн сайн загвар байх болно. Өмнөх судалгаанууд БОНЗ нь компанийн үнэ цэнэ, ногдол ашиг, эрсдэл, ашигт ажиллагаанд нөлөөлдөг болохыг харуулсан боловч капиталын бүтэц (өр ба эздийн өмчийн харьцаа)-д үзүүлэх нөлөө бүрэн судлагдаагүй байна. Уламжлалт капиталын бүтцийн онолууд нь татварын хөнгөлөлт, агентын зөрчил, зах зээлийн гажуудал зэрэг санхүүгийн хүчин зүйлсэд төвлөрч ирсэн бөгөөд БОНЗ-ын нөлөөг хангалттай тайлбарлаж чадаагүй байна. Иймээс Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжиж буй энэ үед, хөрөнгө оруулалт болон санхүүжилтийн шийдвэр гаргалтад “БОНЗ-ын шалгуур үзүүлэлтээр компаниудын гүйцэтгэл, үнэ цэнийг нэмэгдүүлэх капиталын оновчтой бүтэц”-ийг тодорхойлох боломжийг хослуулан судлах нь улам чухал ач холбогдол, эрэлтийг бий болгож байна.