Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь Улаанбаатар хотын захын дүүргийн төлөөлөл болох
Налайх дүүргийн жишээн дээр кофе шопын үйлчилгээний хүртээмжийг судлахад
чиглэсэн. Сүүлийн жилүүдэд кофе шопын үйлчилгээ дэлхий дахинд болон Монгол Улсад
хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ, уулзалт, ажиллах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх
орчин болон хөгжиж байна. Гэвч үйлчилгээний салбарын хөгжил хотын төвийн бүсэд
илүү төвлөрч, хотын захын дүүргүүдэд үйлчилгээний тоо, төрөлжилт, байршлын
хүртээмж харьцангуй хязгаарлагдмал хэвээр байна. Иймээс Налайх дүүргийн нөхцөлд
кофе шопын үйлчилгээний хүртээмжийг судлах шаардлага үүссэн.
Судалгааны онолын үндэс болгон Penchansky ба Thomas (1981)-ийн үйлчилгээний
хүртээмжийн загварыг ашигласан бөгөөд кофе шопын хүртээмжийг байршил, ажиллах
цаг, үнэ, сонголт, орчин гэсэн таван хүчин зүйлээр үнэлсэн. Судалгаанд тоон болон
чанарын аргыг хослуулсан бөгөөд хэрэглэгчийн асуулга, үйлчилгээ үзүүлэгчдийн
мэдээлэл, судлаачийн ажиглалт болон хоёрдогч эх сурвалжийн мэдээллийг ашиглав.
Хэрэглэгчийн асуулгад нийт 81 оролцогч хамрагдсан бөгөөд өгөгдлийг Microsoft Excel
болон Google Forms-ийн үр дүнгээр боловсруулсан. Likert үнэлгээтэй асуултуудыг
дундаж оноо болон хүртээмжийн нэгдсэн индексээр шинжилж, асуулгын найдвартай
байдлыг Cronbach’s Alpha коэффициентоор шалгасан.
Судалгааны үр дүнд Налайх дүүргийн кофе шопын үйлчилгээний нэгдсэн
хүртээмжийн индекс 2.84 гарч, дундаж түвшний хүртээмжтэй гэж үнэлэгдэв. Хүчин
зүйлсээс орчин 3.47 оноогоор хамгийн өндөр үнэлэгдсэн бол сонголт 1.97 оноогоор
хамгийн сул үнэлэгдсэн. Байршлын хүчин зүйл 2.60 гарсан бөгөөд оролцогчдын 51.9 хувь
нь хол байршлыг кофе шопоор үйлчлүүлэхэд саад болдог гэж үзсэн. Мөн 82.7 хувь нь
ойролцоо шинэ кофе шоп нээгдсэн тохиолдолд үйлчлүүлэх сонирхолтой гэж хариулсан
нь тус дүүрэгт зах зээлийн боломж байгааг харуулж байна.
Иймээс Налайх дүүргийн кофе шопын үйлчилгээний хүртээмж дундаж түвшинд
байгаа боловч хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангах түвшинд хараахан хүрээгүй гэж
дүгнэв. Ялангуяа байршлын тархалт, үйлчилгээний сонголт, төрөлжилтийг сайжруулах
шаардлагатай байна. Судалгааны үр дүн нь шинэ болон одоо байгаа кофе шопуудад
байршил, бүтээгдэхүүний төрөлжилт, үнэ, орчны бодлогоо хэрэглэгчийн хэрэгцээнд
тулгуурлан төлөвлөхөд ашиглагдах боломжтой. Гэвч шинэ кофе шоп нээх бодит
бизнесийн боломжийг бүрэн тодорхойлохын тулд эрэлтийн таамаглал, хөрөнгө
оруулалтын өгөөж, зардал-орлогын тэнцлийн цэгийн шинжилгээг цаашид хийх
шаардлагатай. Мөн энэхүү судалгаанд ашигласан асуулга, хүртээмжийн индексийн
аргачлалыг хотын захын бусад дүүрэг, аймаг, сумын төвийн үйлчилгээний хүртээмжийг
судлахад загвар болгон ашиглах боломжтой.