| dc.description.abstract |
Энэхүү дипломын судалгааны ажлаар Монгол Улсын татварын эрх зүйн
зохицуулалтын онолын үндэс, түүхэн хөгжил, өнөөгийн эрх зүйн тогтолцоо, түүний дотор
Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод татвар ногдуулах зохицуулалтын онцлог,
хэрэгжилтийн асуудлыг судаллаа. Судалгааны ажлын хүрээнд татварын үүсэл, хөгжил,
нийтийн эрх зүйд татварын эрх зүйн эзлэх байр суурь, татварын харилцаанд оролцогч
субъектүүд, татварын объект, олон улсын татварын тогтолцоо, оршин суугчийн болон эх
үүсвэрийн зарчмын онолын асуудлыг задлан шинжилсэн болно.
Судалгааны хоёрдугаар бүлэгт Монгол Улсын татварын эрх зүйн зохицуулалтыг
Сингапур, Казахстан Улсын татварын тогтолцоотой харьцуулан судалж, Монгол Улсаас эх
үүсвэртэй орлогын татварын зохицуулалт, давхар татварын гэрээний бүтэц, хамрах хүрээ,
чанарын түвшинд дүн шинжилгээ хийв. Түүнчлэн 2022 оны 6 сараас 2025 оны 6 сар хүртэлх
Монгол Улсын шүүхээр шийдвэрлэгдсэн татварын маргааныг судалж, татварын улсын
байцаагчийн нөхөн ногдуулалтын акт, шүүхийн шат шатны дүгнэлтэд тулгуурлан эх
үүсвэртэй орлогын татварын хэрэгжилтэд үүсч буй нийтлэг зөрчил, маргааны шалтгааныг
тодорхойлсон болно.
Судалгааны үр дүнд Монгол Улсад эх үүсвэртэй орлогын татвар ногдуулахтай
холбоотой эрх зүйн ойлголт, хэрэгжилт нь практикт жигд бус, тайлбарлах боломж ихтэй
байгаагаас татвар төлөгч болон татварын албаны хооронд маргаан үүсэх нөхцөл бүрдэж
байгааг тогтоов. Иймд татварын хууль тогтоомжийн нэр томьёо, тайлбар, давхар татварын
гэрээний хэрэглээг илүү тодорхой болгох, татварын хяналт шалгалтын арга зүйг олон улсын
жишигт нийцүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн болно.
Судалгаанд үндэслэн Монгол улсаас эх үүсвэртэй орлогод татвар ногдуулах эрх зүйн
зохицуулалтыг судлан санал, зөвлөмж боловсруулсан болно. |
en_US |