| dc.description.abstract |
Богд хан уулын дархан цаазат бүс нутагт орших Манзушир хийд нь 1733 оноос эхтэй түүх, соёл, байгалийн хосгүй үнэт өв бөгөөд аялал жуулчлалын стратегийн чухал бүс нутагт тооцогддог. Гэвч өнөөгийн байдлаар дэд бүтцийн төлөвлөлт дутмаг, мэдээллийн хүртээмж бага, ариун цэврийн байгууламж хүртээмжгүй байгаа нь жуулчдын сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлж байна. Тус судалгааны хүрээнд Бухалисын 6А загвар болон SWOT, TOWS шинжилгээний аргууд дээр суурилан авч үзэхэд Манзушир хийд орчмын суурь дэд бүтэц болон менежментийн асуудлуудыг өөрчилж шинэчлэх хэрэгцээ шаардлага байгаа нь тогтоогдсон.
Иймд ISO 21902, GSTC болон олон улсын шилдэг туршлагад (Японы байгалийн цогцолбор газрууд) үндэслэн явган зам, гэрэлтүүлэг, хог хаягдлын нэгдсэн менежмент зэрэг дэд бүтцийн стандартчилсан төлөвлөлтийг боловсруулав. Мөн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор AR технологи болон QR системд суурилсан интерактив шийдлүүдийг санал болгож байна. |
en_US |