Хураангуй:
Өнөөгийн өрсөлдөөнт бизнесийн орчинд ажилтны бүтээлч байдал, шинэлэг сэтгэлгээ нь үйлчилгээний байгууллагын амжилтын гол хүчин зүйл болж байна. Зөвхөн өндөр гүйцэтгэлд чиглэсэн ажилтнуудтай байх нь богино хугацаанд үр ашиг авчрах ч, бүтээлч байдал, шинэлэг санаа дутмаг бол байгууллага зах зээлд тогтвортой өрсөлдөх чадвараа алдах эрсдэлтэй. Иймээс инновацыг байгууллагын өсөлт, оршин тогтнолын үндсэн хөшүүрэг гэж үзэх нь чухал юм. Энэхүү судалгаанд өндөр гүйцэтгэлд чиглэсэн хүний нөөцийн бодлого нь тогтвортой өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлөхийг шинэлэг зан үйл зуучлагч, ажилтны бүтээлч байдал зохицуулагч хувьсагчийн үүргээр дамжуулан судалсан. Судалгааны таамаглалуудыг нөөцөд суурилсан онол болон ажлын шаардлага–нөөцийн загварын онолын үндэслэлд тулгуурлан боловсруулж, үйлчилгээний салбарын ресторан, зочид буудал, кофе шопын нийт 301 ажилтны түүвэр өгөгдөлд шинжилгээ хийсэн.
Судалгааны үр дүнгээс харахад өндөр гүйцэтгэлд чиглэсэн хүний нөөцийн бодлого нь байгууллагын өрсөлдөх чадварт шууд эерэг нөлөөтэй бөгөөд шинэлэг зан үйлээр дамжуулан уг нөлөөг зуучилж байгааг тогтоов.
Гэвч зохицуулалтын шинжилгээний үр дүнгээр ажилтны бүтээлч байдал нь өндөр гүйцэтгэлд чиглэсэн хүний нөөцийн бодлого ба шинэлэг зан үйл болон өндөр гүйцэтгэлд чиглэсэн хүний нөөцийн бодлого ба байгууллагын өрсөлдөх чадварын хоорондын харилцаанд статистикийн хувьд ач холбогдолтой зохицуулагч нөлөө үзүүлээгүй тул зохицуулагчийн таамаглал дэмжигдээгүй.
Ажилтнуудын шинэлэг зан үйл нь бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарал багатай орчинд өрсөлдөж буй үйлчилгээний байгууллагуудад бодитой, ач холбогдол бүхий өгөөжийг бий болгох чадавхтайг судалгааны үр дүн харуулж байна. Судалгааны онолын болон практик ач холбогдлыг дэлгэрэнгүй авч үзсэн бөгөөд энэхүү ажил нь зочлох үйлчилгээний салбар дахь инновацын судалгааны хомсдолыг нөхөхөд хувь нэмэр оруулж, өндөр гүйцэтгэлд чиглэсэн хүний нөөцийн бодлого ба өрсөлдөх чадварын уялдаанд ажилтны шинэлэг зан үйл зуучлагчийн үүрэгтэй болохыг баталгаажуулсан. Харин ажилтны бүтээлч байдал нь эдгээр харилцаанд зохицуулагч нөлөө үзүүлээгүй тул таамаглал дэмжигдээгүй. Энэ нь зочлох үйлчилгээний салбарын онцлог, стандартчилсан үйлчилгээний үйл явц, дүрэм журам, түүнчлэн бүтээлч байдлын нөлөө нь байгууллагын дэмжлэг, удирдлагын манлайлал, инновацад ээлтэй уур амьсгал, нөөцийн хүртээмж зэрэг нөхцөлтэй хавсарч байж илүү тод илэрч болох бөгөөд эдгээр хөндлөн хүчин зүйлсийг загварт тусгаагүй тул зохицуулалтын статистик ач холбогдол сулрах боломжтой. Иймээс цаашдын судалгаанд салбарын стандарт ажиллагааны түвшин, инновацын уур амьсгал, удирдлагын дэмжлэг зэрэг нөхцөлүүдийг хамтатган авч үзэх нь бүтээлч байдлын зохицуулагч үүргийг илүү нарийвчлан тайлбарлах боломжтой юм.