Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага, хамтарсан багийн бүтэц, зохион байгуулалт, эрх үүргийн хэрэгжилт, байгууллагууд хоорондын уялдаа холбоо, хариуцлагын тогтолцоо, мөн үйлчилгээний чанар, хүний нөөцийн чадавхд нөлөөлж буй хүчин зүйлсийг дүүргийн хэмжээнд буюу Сонгинохайрхан дүүргийн хувьд цогцоор нь судалсан анхдагч бүтээл юм. Судалгааны үр дүнд үндэслэн хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах санал, зөвлөмж дэвшүүлсэн болно.
Онолын хэсэгт Монголын хүүхэд хамгааллын хамтын багийн эрх үүргийг хүүхэд хамгааллын нийгмийн загварын хамгийн суурь онол болох нийгмийн экологийн онол Bronfenbrenner, U. (1979), Multidisciplinary Team (MDT) буюу Хүүхэд хамгааллын тогтолцоон дахь олон салбарын хамтын ажиллагааны загвар зэрэг олон улсын онол, загвартай харьцуулан дүгнэхэд Монгол улс хууль эрх зүйн хувьд суурь сайтай боловч мэргэжлийн тэнцвэр, шийдвэр гаргалт, хариуцлагын тогтолцооны хувьд сул байгаа нь тодорхойлогдсон. Энэхүү судалгааныхаа хүрээнд ХХХБ-ийн үйл ажиллагааг сайжруулах санал, зөвлөмж дэвшүүлж байгаа минь хууль эрх зүйн хэрэгжилтийг бодит байдалд үнэлэхэд тодорхой хэмжээний түлхэц үзүүлэхэд нэг алхам ойртуулсан болов уу хэмээн үзэж байна.
Судалгааны арга зүйд асуумжийн аргыг ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 258 хамтарсан багийн 148 гишүүдээс мэдээлэл цуглуулан статистик шинжилгээ хийсэн. Эмпирик үр дүнд хамтарсан багийн үйл ажиллагаанд ажил үүргийн тодорхой бус байдал, уялдаа холбооны сул байдал, хүний нөөцийн тогтворгүй байдал, ажлын ачааллын өндөр түвшин, сургалт чадавхжуулалтын дутмаг байдал, санхүүгийн болон дэд бүтцийн хомсдол, удирдлагын оролцоо хангалтгүй зэрэг институцийн шинжтэй гол хүндрэлүүд тулгарч буйг тодорхойлсон.
Хамтарсан багийн үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, мэргэжлийн сургалт, чадавхжуулалтыг тогтмол зохион байгуулах зэрэг зөвхөн хүний хүчин зүйлээр бус системийн түвшний шинэчлэл шаардлагатай байгааг мөн бодлогын дэмжлэг, зохион байгуулалтын сайжруулалт, цахимжуулалт, санхүүжилтийн тогтвортой байдал, салбаруудын удирдлагын уялдааг тодорхой болгох зэрэг бодлогын түвшний олон талт шийдэл хэрэгтэй байгааг онцолж байна.
iv
Энэхүү судалгааны ажил нь хүүхэд хамгааллын зохион байгуулалтыг сайжруулах улмаар хамтарсан багийн үйл ажиллагааг нотолгоонд суурилан сайжруулахад хувь нэмэр оруулж цаашлаад бодлогын түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээнд чухал суурь өгөгдөл болох ач холбогдолтой.