Хураангуй:
Энэхүү судалгаагаар Монгол Улсын макро эдийн засгийн тодорхойгүй байдлын индексийг (MU) тооцож, тус индексийн бодит эдийн засгийн үзүүлэлтүүд болон санхүүгийн зах зээлийн хэлбэлзэлд үзүүлэх нөлөөг эмпирик аргаар шинжиллээ. Үүний тулд 2014–2023 оны улирлын мэдээллийг ашиглан олон тооны хувьсагч дээр үндсэн бүрдлийн шинжилгээ (PCA) болон стохастик хэлбэлзлийн (SV) загваруудыг хослуулан MU индексийг тооцсон. Улмаар тус индексийн эдийн засгийн үзүүлэлтүүдэд үзүүлэх дам нөлөөг бодит сонголтын сувгийн онолд тулгуурлан тодорхойлж, VECM загварыг ашиглан богино болон урт хугацааны хамаарлыг үнэлсэн болно. Мөн макро тодорхойгүй байдал болон санхүүгийн зах зээлийн хэлбэлзлийн хоорондын хамаарлыг судалгаанд тусгасан.
Судалгааны үр дүнгээс харахад макро эдийн засгийн тодорхойгүй байдал өсөх үед хувийн хөрөнгө оруулалт болон дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ буурах хандлагатай бөгөөд энэ нь бодит эдийн засгийн идэвхжилийг сааруулах замаар сөрөг нөлөө үзүүлж буйг илтгэж байна. Харин MU индекс болон санхүүгийн зах зээлийн хэлбэлзэл VIX индексийн хооронд статистикийн хувьд сөрөг хамаарал ажиглагдсан ч, шалтгаант шууд хамаарал эмпирик байдлаар батлагдсангүй.
Эдгээр үр дүн нь макро тодорхойгүй байдал нь бодит эдийн засагт илүү хүчтэй, дам нөлөө бүхий сувагтай байгааг харуулж байгаа бөгөөд санхүүгийн зах зээлийн хариу үйлдэл харьцангуй сул илэрч байгааг илтгэж байна. Иймд макро тодорхойгүй байдлыг бууруулах нь хөрөнгө оруулалтын тогтвортой байдал болон эдийн засгийн идэвхжилийг дэмжих стратегийн чухал хэрэгсэл болохыг энэхүү судалгаа харууллаа.