Хураангуй:
Монгол улсын хувьд цагаан будаа нь хоол хүнсний гол бүтээгдэхүүний нэг бөгөөд энэхүү бүтээгдэхүүнийг манай улс тариалдаггүй учир 100% гаднын улсуудаас импортоор авч байгаа. Жил ирэх тусам цагаан будааны импортын хэмжээ нэмэгдэж байгаа ба үүнийг дагаад цагаан будаа импортлон нийлүүлдэг байгууллага болон хувь хүмүүс нэмэгдэх хандлагатай байгаа. Энэхүү маш ширүүн өрсөлдөөнт зах зээл дээр брэндээ хэрэглэгчдэд таниулахын тулд цагаан будаа худалдан авах хэрэглэгчдийн зан төлөв болон худалдан авах эрмэлзэлд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлсноор энэхүү зах зээлд анхлан нэвтэрч байгаа болон үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад тодорхой хэмжээний мэдээлэл хүргэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийсэн.
Судалгааны ажлын хүрээнд судлаач Liyuan Chen-ийн ‘Хятад хүмүүсийн Тайланд будаа худалдан авах эрмэлзэл болон нийгмийн нөлөөлөл, бүтээгдэхүүний шинж чанар, зөвшөөрөгдсөн үнэ болон брэндийн итгэл хоорондын хамаарал (2018)’ судалгааны загвар болон судлаач Tin New Oo-ийн ‘Чан Айе Тар Зан хотхон, Мандалай, Мьянмар дахь органик будаа худалдан авах хүсэлтэй хэрэглэгчдийн хандлага (2017)’ судалгааны загвар дээр үндэслэн худалдан авах эрмэлзэлд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлсон. Цагаан будаа худалдан авах хэрэглэгчдийн эрмэлзэлд нийгмийн нөлөөлөл, бүтээгдэхүүний шинж чанар, зөвшөөрөгдсөн үнэ, брэндийн итгэл болон эрүүл мэндийн ухамсар нь нөлөөлнө гэж үзэн судалгааны үр дүнг боловсруулсан.
Судалгаанд нийт 474 хүнийг хамруулж эмпирик судалгааг хийж гүйцэтгэсэн. Шаардлага хангаагүй судалгаанд оролцогчдыг хасан 446 хэрэглэгчийн тоон судалгааны үр дүнг IBM SPSS 26 программыг ашиглан шинжилсэн. Шинжилгээнд давтамж, хүчин зүйл, олон хүчин зүйлийн регресс, корреляци болон кластер шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Мөн судалгааны үр дүнг баталгаажуулахын тулд ярилцлагын судалгаа авсан ба нийт судалгааны үр дүнд нийгмийн нөлөөлөл, бүтээгдэхүүний шинж чанар, зөвшөөрөгдсөн үнэ, брэндийн итгэл болон эрүүл мэндийн ухамсар зэрэг нь цагаан будаа худалдан авах эрмэлзэлд эерэг нөлөөтэй нь батлагдсан.