Хураангуй:
Сүүлийн жилүүдэд олон улсын хөрөнгө оруулагчид болон үнэлгээний агентлагуудын зүгээс байгууллагын тогтвортой байдал, урт хугацааны эрсдэлийн удирдлагад ESG (Environment, Social, Governance) үзүүлэлтийг үнэлгээний гол шалгуур болгон ашиглах хандлага эрс нэмэгдэж байна. Энэ судалгааны ажлын зорилго нь Хаан Банк ХК-ийн ESG мэдээлэл, бодлого, тайлагналын чанарыг MSCI ESG Rating үнэлгээний аргачлалд тулгуурлан дүгнэх, улмаар сайжруулалтын боломж, стратегийн чиглэлийг тодорхойлох явдал юм. Судалгааны хүрээнд Монголын банкны салбарын ESG хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг судалж, олон улсын үнэлгээний тэргүүлэх аргачлалууд болох MSCI, Sustainalytics, Refinitiv, S&P Global зэргийг харьцуулан шинжилж, арга зүйн ялгаа, дүйцлийг тодорхойлсон. MSCI-ийн үнэлгээний 10 үндсэн шалгуур үзүүлэлтээр Хаан Банкны гүйцэтгэлийг шинжилж, 7.85 оноо авч, “AA” зэрэглэлд үнэлэгдсэн нь дотоодын жишигт өндөр үзүүлэлт боловч тодорхой үзүүлэлтүүдэд (жишээлбэл, мэдээллийн ил тод байдал, гүйцэтгэлийн тайлагнал, эрсдэлийн интеграц) олон улсын шалгууртай харьцуулахад ахиц шаардагдаж буйг харуулж байна. Судалгааны үр дүнд боловсруулсан зөвлөмжүүд нь Хаан Банкны ESG үнэлгээг улам сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчид, үнэлгээний агентлагуудын хүлээлтэд нийцэх суурийг бэхжүүлэх, түүнчлэн Монголын банкны салбарын ESG шилжилтийн явцыг бодитой дэмжих ач холбогдолтой юм.