Хураангуй:
Энэхүү судалгаанд АНУ, Япон улс, ХБНГУ-ын эвлэрүүлэн зуучлалыг арбитрын шатанд хэрэгжүүлж буй эрх зүйн тогтолцоог харьцуулсан бөгөөд тус бүрийн институтийн зохион байгуулалт, гүйцэтгэлийн баталгаа, хууль зүйн үндэс, хэрэгжилтийн үр нөлөөг харьцуулан дүгнэсэн болно.
Улс бүрийн туршлагын онцлог байдал болон үр нөлөө
● АНУ нь эвлэрүүлэн зуучлалыг арбитрын дунд шатанд системтэй нэвтрүүлсэн бөгөөд Med-Arb, Arb-Med хосолсон загварыг албан ёсоор хэрэгжүүлдэг. Зуучлагчийн мэргэшлийг институтүүд (JAMS, AAA, ICDR) хянадаг. Эвлэрлийн тохиролцоог арбитрын шийдвэр болгон баталгаажуулж, Нью-Йоркийн конвенцын дагуу гүйцэтгэдэг эрх зүйн суурьтай.
● Япон улс нь шүүхийн хяналтад байдаг, хос бүтэцтэй зуучлалын тогтолцоотой. Эвлэрлийн гэрээг нотариатаар болон шүүхийн баталгаажуулалттайгаар гүйцэтгэх чадвартай хэлбэрээр хэрэгжүүлдэг. Арбитрын хуульд зуучлалыг тусгайлан нэрлээгүй боловч институтийн түвшинд (JCAA) хэрэгжих боломжийг хангасан.
● ХБНГУ нь Шүүхийн зуучлал өндөр үр ашигтай хэрэгжиж буй улс бөгөөд эвлэрлийн үр дүнг шүүхийн гэрээний хэлбэрт оруулан гүйцэтгэдэг. Арбитрын хуулиар шууд нэрлээгүй ч DIS-ийн дүрэмд эвлэрлийн гэрээг арбитрын шийдвэр болгон баталгаажуулах нөхцөл бүрдүүлсэн. Хосолсон загварыг дэмждэг боловч практик хэрэгжилтэд илүү тулгуурласан.
Монгол Улсад эвлэрүүлэн зуучлалыг арбитрын шатан дээр үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн болон институтийн хувьд АНУ-ын загвар тохиромжтой гэж үзсэн. Тухайлбал, Монголын МҮХАҮТ-ын дэргэдэх арбитрын хүрээнд Med-Arb, Arb-Med хэлбэрийг нутагшуулах боломжтой. Эвлэрлийн тохиролцоог албажуулах эрх зүйн үндэс нь Арбитрын тухай хуулийн 43 дугаар зүйлд аль хэдийн тусгагдсан.