Хураангуй:
Монгол улс нь 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжсэнээр гадаад тусламжийг их хэмжээгээр авч эхлэсэн. Анх зах зээлийн шилжилтийн хүнд үеийг давах зорилготойгоор гадаад тусламжийг авдаг байсан бол одоо улс орны хөгжлийг нэмэгдүүлэхийн тулд гадаад тусламжийг авдаг болсон.Уг судалгааны ажлаар гадаад тусламжийн макро эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг судлахаар зорив.
Эхний ээлжинд гадаад тусламж нь макро эдийн засгийн ямар индикаторт нөлөөлөх талаар судлагдсан байдлын тоймоос ДНБ-ий өсөлт, инфляцийн түвшин, ажилгүйдлийн түвшингийн хувьсагчдыг сонгон авч 1998-2022 оны түүврийг цуглуулсан. Судалгааг ARDL-Хугацааны хоцрогдлоор тархсан авто регресс загварыг ашиглан шинжилгээг хийв.
Гадаад тусламжийн ДНБ-ий өсөлт болон инфляцийн түвшинд богино хугацаанд үзүүлэх нөлөөллийн сөрөг хамаарлаас үүдэн гадаад тусламжийн үзүүлэх нөлөө бага байна. Гадаад тусламж нь богино хугацаанд инфялцийн түвшинд урвуу хамааралтай. Тиймээс гадаад тусламж богино хугацаанд инфляцийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад тодорхой хувь нэмэр оруулах боломжтойг харуулж байна. Гадаад тусламжийн нөлөөлөл ажилгүйдлийн түвшинд богино хугацааны хамааралгүй байна.Гадаад тусламж нь ДНБ-ий өсөлт, инфляцийн түвшин, ажилгүйдлийн түвшинд урт хугацааны хамаарал байхгүй. Судалгааг дүгнэвэл гадаад тусламжийн макро эдийн засаг дахь үр нөлөө сул байгааг харуулж байна.