Хураангуй:
Насанд хүрсэн хүний чадамжид нөлөөлөх суурь үзүүлэлт бол ерөнхий боловсрол юм. Иймд ерөнхий боловсролын чанарыг сайжруулахад сургууль бүр өөрийн онцлогт нийцсэн сургалтыг тодорхойлж, түүнийхээ чанарыг хэмжиж, хэрхэн чанартай байлгах тал дээр сургалтын нөөцийг зөв хуваарилах шаардлагатай гэж таамаглав.
ЕБС-ийн гарц буюу үр дүн нь “Ерөнхий боловсролтой иргэн” бөгөөд үүнд шаардлагатай нөөц нь зардлын зүйлээр хэмжигдэж байгаа нь хэт ерөнхий утгатай, удирдлагын шийдвэрт чухал мэдээлэл өгөхөд хангалтгүй байна. Шаардлагатай нөөцийн өртгийг зөв хэмжсэнээр оновчтой хуваарилах боломж үүсэж, оновчтой хуваарилснаар сургалтын үйлчилгээнээс ач холбогдол бага төслийн илүүдэл зардлыг танаж, чухал ач холбогдолтой төслийн санхүүжилтийн үр дүн хамгийн сайн байхаар тохируулж нэмэх замаар төсвийг өсгөлгүйгээр сургалтын чанар сайжрах боломж бүрдэнэ. Ингэснээр зардлын оновчтой хуваарилалт нь боловсролын чанар сайжрахад тодорхой нөлөөлөл үзүүлнэ. Нөөцөө зөв тодорхойлохын тулд өртгөө зөвөөр хэмжих шаардлагатай. Иймд өртгийн онол арга зүйг судлаад Орчин үеийн өртгийн арга хандлагаас ABC арга буюу үйлдэлд суурилсан өртөг тооцох аргыг Монгол алдар ерөнхий боловсролын сургуулийн жишээн дээр хэрэгжүүлэн өртгийн тооцоог сайжруулах боломжтой гэж дүгнэсэн.
Монгол алдар ерөнхий боловсролын сургуулийн өртгийн удирдлагын одоогийн байдлыг харахад хичээлийн жилийн эхэнд зардлын зүйлээр төсөвлөдөг. Хичээлийн жилийн төгсгөлд зардлын зүйлээр гүйцэтгэл тооцож, зөрүүг тодорхойлоод төсвийн гүйцэтгэл хэмээн тооцож байв. Өнгөрсөн үеийн, багцалсан мэдээлэлд шинжилгээ хийж буй нь зардлыг бууруулахад шаардлагатай мэдээллийг хангалттай өгч чадахгүй байгаа нь харагдав. Өртгийн төвөөр бүртгээгүй тул ач холбогдолгүй зардал хаана гарч байгааг харуулахгүй мэдэхэд хүндрэлтэй байгаа тул сайжруулах шаардлагатайг тогтоов.
Ийнхүү сайжруулах арга замыг ABC арга буюу үйлдэлд суурилсан өртөг тооцох, цаашлаад ABM буюу үйлдэлд суурилсан өртгийн удирдлагын аргыг хэрэгжүүлэх боломжийг судлан тооцоолол хийв. Тооцооллоос үзэхэд нийт зардлын 10% нь элсэлтийн үйл ажиллагаанд, 64% нь үндсэн үйл ажиллагаанд, 23% нь бусад зардалд, 4 хувь нь төгсөлтийн үйл ажиллагаанд зарцуулагдаж байсан бөгөөд үнэ цэнэ нэмэхгүй үйлдэлд хэт их зардал зарцуулж байгаа нь тогтоогдсон юм. Цаашид үйлдэлд суурилсан өртгийн тооцоог хийж хэвшин, үйлдэлд суурилсан өртгийн удирдлагыг нэвтрүүлэн хэрэгжүүлж зардлын оновчтой хуваарилалтаар дамжуулан Монгол алдар сургуулийн санхүүгийн болон үндсэн үйл ажиллагаа сайжруулах боломжтой, бусад ЕБС-ууд ч мөн ABC өртөг тооцох аргачлал, ABM өртгийн удирдлагыг хэрэгжүүлэн зардлын хуваарилалтаа боловсронгуй болговол үндсэн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх боломжтой хэмээн дүгнэж, санал дэвшүүлэв.