Хураангуй:
Дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт COVID-19 цар тахлын сөрөг үр дагавар ихээхэн нөлөөлж байгаа билээ. Манай улсын банкны системд цар тахлын нөлөөнд өртсөн зээлийн хэмжээ 2022 оны 2 дугаар улирлын байдлаар 4.8 их наядад хүрч, үүнээс 71 хувьд бүтцийн өөрчлөлт хийсэн ба энэ нь нийт зээлийн 21 хувийг эзэлж байна.
Энэ хүндрэлийн үед Монголбанкнаас холбогдох журам, заавар, шаардлагад түр хугацаанд зарим хөнгөлөлт чөлөөлөлтийн өөрчлөлт оруулсан. Тус хөнгөлөлт чөлөөлөлтийн хугацаа дууссаны дараа банкны систем дэх чанаргүй зээлийн хэмжээ огцом нэмэгдэх, хүүгийн орлого буцах, эрсдэлийн сан нэмэгдэж ашигт ажиллагааны үзүүлэлт буурах, өөрийн хөрөнгийн харьцаа буурах эрсдэл үүсч болзошгүй байна.
Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны болон системийн хэмжээний аливаа хүндрэлийн үед авч хэрэгжүүлэх тогтворжуулах төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх нэгдсэн зохицуулалт байхгүй тул тус арга хэрэгслийг Монголд зохицуулалт хэлбэрээр нутагшуулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа билээ.
Энэ хүрээнд зохицуулагч байгууллагын зүгээс тогтворжуулах төлөвлөгөө хэрхэн боловсруулах, батлах, хэрэгжүүлэх зохицуулалтыг судалж, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Банк тогтворжуулах төлөвлөгөөг боловсруулсанаар системийн хэмжээнд болон зөвхөн тухайн банканд үүсч болзошгүй шокийн үед өөрийн хөрөнгийн хүрэлцээ, ТТГЧ, ашигт ажиллагаа, активын чанарыг хадгалах арга хэмжээг урьдчилан тодорхойлж, хямралыг аль болох богино хугацаанд хохирол багатай даван туулах, бэлэн байх нөхцөл бүрдэх юм.