Хураангуй:
Энэхүү дипломын ажил нь Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх эрх зүйн зохицуулалт, онцлог, тулгамдсан асуудлыг судалж, хууль тогтоомжийг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох санал боловсруулахад чиглэв. Судалгааны онолын хэсэгт хүүхдийн эрхийг хамгаалах үндэслэл, хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах зарчмуудыг НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Гаагийн конвенцийн хүрээнд шинжилсэн. Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль болон холбогдох журам нь эдгээр зарчмуудыг тусгасан боловч хэрэгжилт хангалтгүй, зарим заалт тодорхой бус байна.Судалгааны хэсэгт БНСУ, Австралийн гадаадын үрчлэлтийн туршлагыг Монголын нөхцөлтэй харьцуулж, хяналтын механизм, хүүхдийн оролцоо, соёлын залгамж халааг хангах загваруудыг авч үзсэн. Монгол Улсад гадаадын үрчлэгчдэд тавигдах шалгуур ерөнхий, хүүхдийн онцлог хэрэгцээ, соёлын холбоог хадгалах стандарт дутагдалтай, үрчлэлтийн дараах хяналт сул, хүүхдийн үзэл бодлыг тусгах зохицуулалт хангалтгүй байна. Эдгээр дутагдал нь хүүхдийн эрхийн зөрчлийн эрсдэлийг нэмэгдүүлж, Гаагийн конвенцийн шаардлагыг бүрэн хангахад саад болж байна.Судалгааны үр дүнд БНСУ-ын “Motherland Visit”, Австралийн “Child-Inclusive Conferencing” загварыг Монголд нэвтрүүлэх боломжтойг тогтоосон. Зөвлөмжид шалгуурыг нарийвчлах, хүүхдийн оролцооны эрхийг хангах, хяналтын механизмыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх саналууд багтсан. Эдгээр нь хүүхдийн эрхийг хамгаалах, үрчлэлтийн үйл явцыг ил тод, шударга болгоход хувь нэмэр оруулна гэж үзсэний үүднээс энэхүү судалгааны ажлыг хийлээ